Шүлэг тэрлэхэд хань минь болдог
Шөнийн саран авхай та хаана байна?
Бүрхэг тэнгэр чи үүлээ хөө
Бүрэнхийд ганцаар уйтгарлах надад
Бүдчин мөрөө хайх үзгэнд минь
Бүртийх оддын гэрлийг ч атугай хайрла
______________________________________________________
Дотор гэгэлзүүлэн бодол уяраах
Дорнын тал мэт эцэсгүй үргэлжлэх
Үүрдийн үргэлжийн тэр л хайрыг
Үлэмж их тэр л унтаршгүй галыг
Өөрийн бие сэтгэлээр амсан мэдэрч
Өр зүрхээ бүлээсгэхийг би хүснэ.
_______________________________________________________
Нулимсан дуслаа бороо гэж өөрийгөө би хуурах юм
Нууцхан сэтгэлдээ мартсан гэж бодлоо би аргадах юм
Эргээд ирэхгүй чинийхээ хойноос
Элгээ эмтлэн харуулдавч, дуудаж үл зүрхлэх юм
Ирээч дээ чи минь хэмээн шувуудад хүсэвч,
Ирээдүйгүй энэ л хайртайгаа эвлэрээд, хэлж үл зүрхлэх юм.
_______________________________________________________
Дэргэд чинь л байвал би дэлхийгээс агуу мэт
Дууг чинь л сонсвол би хамгаас азтай мэт
Үдэш орой ганцаар мөрөөдөхдөө
Үзмэрийн мэт тэр л зүүдэндээ итгэж,
Үнэн хайр минь болсон цор ганц чамдаа л
Үдлээд сэрэхэд минь хүрээд очмоор . . .
_______________________________________________________
Хайртай юм даа би чинь чамдаа
Хавар өнгөрч зуныг үдсэн ч
Хатамжилж мартах чадал минь хүрэхгүй нь
Хагацья гээд эргэж зүрхлэхгүй нь
Бодолд минь чи дурлалын хур авчирч
Болчимгүй ухаанаас минь гунигийн сүүдэр хөөлөө.
_______________________________________________________
2008-10-04
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment