Өглөөд ирээд үдэш одсон ч энэ өдөр
Өөрт чинь онцгой үдшийг дурсган үлдээг
Лааны гэрэл бөхөөн шивнэсэн хүсэл тань
Лавтай биелж, ирээдүйд чинь оч нэмэг!
__________________***____________________
Нулимсан дусал тэнгэрийн хур болон
Нууцхан сэтгэлд бодлын солонго татуулахад
Ганд гачигдан усанд шунасан зүрх минь
Гарцаагүй гэж бодсон хайр чамдаа сэтгэл алдрах юм
__________________***____________________
Нутаг нутгийн салхи шивнээд
Нууцхан сэтгэлийн үгийг минь дамжуулнам
Бодлын хэлхээс үүсгэн цээжинд дөл асаагаад
Буяны мөрийг би нүглийн шуурганд даганам
__________________***____________________
Хүслээ исгэн нэрсэн хайрын дарсаа
Хясал далласан учралт чамдаа амсуулж
Ханийн хорвоо амрагийн уяаг алдруулан
Хагацлын харанхуй, бодлын цөөрөмд живүүллээ
__________________***____________________
Харж яваа шүү би чамайгаа
Хархан нүдийг чинь өөртөө татахыг хичээнэ
Холгүй суугаад чамд дөтлөхийг мөрөөднө
Хоёргүй сэтгэлээр хайраа зориулахыг хүсэмжлэнэ
__________________***____________________
Мянга мянган шөнө чамайг л бодон хөлбөрч
Мичид түгсэн тэнгэр ширтэн дүрийг чинь үгүйлж
Инээмсэглэл дүүрэн царайг чинь сэтгэлдээ дүрслэн
Илч бадруулан бидний хайр дүрэлзэнэ хэмээн итгэнэ
__________________***____________________
2008-09-15
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment